Агаарын тээврийн Изинис Эйрвэйз компани 4 дэх онгоцоор бүл нэмлээ
Үндэсний тээвэрлэгч Изинис Эйрвэйз компани Сааб 340Б Плюс (Saab 340B Plus) агаарын хөлгөөр бүл нэмж онгоцны паркаа өргөжүүллээ. Энэхүү агаарын хөлөг нь тус компанийн үйлчилгээндээ амжилттай ашиглаж байгаа Сааб 340Б маягийн онгоцны илүү сайжруулсан загвар юм.
Швед Улсад үйлдвэрлэсэн, 34 хүний суудалтай энэ онгоцыг саяхан хүртэл АНУ-ын “Месаба Эйрлайнз“ авиакомпани үйлчилгээндээ ашиглаж байсан байна. Тус агаарын хөлгийг 2010 оны 6-р сарын 1-нээс Изинис Эйрвэйз компанийн орон нутаг, олон улсын бүс нутгийн агаарын тээврийн үйлчилгээнд ашиглах юм.
Изинис Эйрвэйз компани нь тус онгоцыг дотоодын урт хугацааны зээлийн санхүүжилтээр худалдан авч байгаа ба ийнхүү нийт дөрвөн онгоцтой болсноор өөрийн нислэгийн цар хүрээ, давтамжаа улам нэмэгдүүлэх өргөн боломж нээгдэж байна.
2006 оны 12-р сард 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай Ньюком ХХК-ийн байгуулсан Изинис Эйрвэйз компани нь өнөөдрийн байдлаар орон нутгийн 13, олон улсын бүс нутгийн 1 чиглэлд тогтмол нислэгийг хамгийн тогтвортой, өндөр давтамжтайгаар үйлддэг агаарын тээврийн тэргүүлэгч болоод байгаа юм.
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг Изинис Эйрвэйз компанийн 313689 дугаарын утсанд хандан авна уу.