Асрамжийн төвийн бяцхан хүүхдүүдийн хүсэлтийг биелүүллээ
Иргэний Агаарын Тээврийн Изинис Эйрвэйз компани “Verbist” асрамжийн төвийн хүүхдүүдийн агаарын хөлөгтэй танилцахыг хүссэн хүсэлтийг нь биелүүллээ. Уг асрамжийн төв нь байгуулагдаад 15 жил болж байгаа бөгөөд одоогоор 2-15 насны хагас болон бүтэн өнчин 60 орчим хүүхдүүдэд эцэг эхийнх нь өгч чадаагүй халамж анхаарлыг тавин, нийгэмд хөлөө олж монголын ирээдүйн сайн иргэд болгохын төлөө чармайн ажиллаж байна.
2010 оны 6-р сарын 11-ний өдөр “Verbist” асрамжийн төвийн 4-14 насны 44 хүүхэд 6 багшийнхаа хамт Изинис Эйрвэйз компанийн JU-9905 агаарын хөлөгтөй танилцахаар ирцгээсэн ба тус асрах газрын хүүхдүүд том болоод нисэгч, агаарын хөлгийн үйлчлэгч болох хүсэлтэйгээ нисэгч, агаарыг хөлгийн үйлчлэгч ах эгч нартаа хэлж, одооноос ямар ямар хичээлүүддээ илүү хичээн суралцаж ёстой талаар асууж зөвлөн дотно яриа өрнүүлцгээлээ.
Изинис Эйрвэйз компанийнхан хүүхдүүдэд агаарын хөлгүүдээ танилцуулснаас гадна нислэгийн үеийн хөнгөн зуушаар үйлчлэн, дурсгалын зураг хамтдаа татуулж, компанийн гарын бэлэг өгч, мартагдашгүй сайхан дурсамж үлдэх цаг мөчийг тэдэнтэй хамт өнгөрүүллээ.